Үндэсний их баяр наадам зохион байгуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж багатайгаас жил бүрийн наадмаар сандалны хэрүүл, тасалбар олдохгүй байна гэж шүүмжилдэг. Энэ жилийн хувьд ч мөн олон хүн тасалбар авч чадаагүй, сандалны багтаамж хүн суухад төвөгтэй зэрэг асуудал үүссэн. Тэгвэл Үндэсний их баяр наадмын цогцолборыг шинээ барьж, байгуулах ажлыг эхлүүлэхээ Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдэв. Ингэхдээ Үндэсний их баяр наадмын цогцолборыг Хүй долоо худагт барихаар төлөвлөжээ.
"Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.