Нийслэл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран өвлийн идэш бэлтгэх “Идэш” арга хэмжээг энэ сарын 20-ноос эхлэн нэг долоо хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Махны үнэ өндөр байгаа энэ үед иргэд өвлийн идшээ нэг дороос, боломжийн үнээр бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой зохион байгуулж байна. Махыг нэг дор бөөнөөр худалдан авах санхүүгийн боломжгүй өрхүүдэд зориулан банк, санхүүгийн байгууллагуудын аппликейшнээр дамжуулан зээлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэв.
"Идэш" арга хэмжээний үеэр хонины болон үхрийн махыг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд худалдаалахаас гадна хэрэглэгчдийн хүсэлтээр махыг хөрөөдөж, жижиглэн савлах, хоол хийхэд бэлэн байдлаар бэлтгэж өгөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн мах хадгалах зориулалтын хөлдөөгч худалдаалах юм байна. Махны үнийн тухайд малчдаас худалдан авч, үйлдвэрийн аргаар боловсруулан Улаанбаатарт нийлүүлдэг зах зээлийн үнээр худалдаална. Дэнжийн мянга захад нийлүүлэгдэж буй үнэтэй ижил байна. Орон нутгийн мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг оролцуулах бөгөөд аймгуудын удирдлагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.