Нийтийн тээврийн зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сард 10.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг болжээ.
Ингэснээр дөрвөн сарын хугацаанд нийтийн тээврийн зорчилтын орлого 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол энэ сарын 16-нд БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурснаар НЗДТГ “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, нийслэлийн нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн юм.
Түүнчлэн 2023 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд угсраа 31 автобус, энэ онд том оврын 10 автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулжээ.
Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн систем нэвтрүүлж, иргэд банкны картаараа нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хэрэглээг бий болгосон билээ.
Эдгээр шинэчлэлтийн дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдэв. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сард 10.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний дөрвөн сард уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Мөн 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар зорчилтын тоо 47 сая гаруй байсан бол энэ оны эхний дөрвөн сард зорчилтын тоо 52 сая гаруй болж, зорчигчлын тоо 5 саяар нэмэгджээ.