Иргэн та Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзлэг шинжилгээний цаг урьдчилан захиалахын тулд утсаар ярих болон биеэр очиж цаг алдахгүй И-Монголиа цахим системд хандаарай. Мөн орон нутгаас ирэх бол цахимаар урьдчилж цагаа захиалаад, захиалсан цагтаа ирвэл хүлээж, чирэгдэл бололгүй үзүүлэх боломжтой.
Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх цаг авах болон бусад төрлийн үйлчилгээний цагийг цахимаар авахад илүү хялбар болжээ. Та И-Монголиа дахь өөрийн эрхээр нэвтэрч "Үйлчилгээний ангиллууд" цэснээс "Эрүүл мэнд"-ийг сонгож, эмчид үзүүлэх бол эхлээд хандах эмнэлгээ сонгоход авах боломжтой сул цагийн мэдээлэл гарч ирнэ.
Сул цагуудаас та өөрийн боломжит өдөр, цагийг сонгон баталгаажуулна. Хэрэв авсан цагтаа очиж амжихааргүй болбол мөн "Эрүүл мэнд" цэс рүү нэвтэрч, "Цаг цуцлах" сонголтыг хийгээрэй.
Анхаарах: Улсын эмнэлгүүд ачаалал ихтэй тул үзлэгийн цаг дунджаар 7-10 хоногийн дараа авах боломжтой харагдаж байна. Иймд ажлаа төлөвлөн, үзлэгийн цагаа эрт захиалах боломжтой юм.