Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолтууд үргэлжилж байна.
Тэмцээний Залуучуудын ангиллын аваргын төлөөх тулааны эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга болов.
Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болж байна.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ өнөөдөр насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх юм. Тус тэмцээнд Монгол улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Эх сурвалж: Монголын холимог тулааны холбоо