Бахрейны нийслэл Манама хотод Азийн залуучуудын III наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр өрсөлдсөн манай тамирчдаас жүдо, чөлөөт бөх, жюү жицүгийн тамирчид хоёр мөнгө, гурван медалиар багийнхаа амжилтыг буухиалжээ. Тодруулбал, жүдо бөхийн охидын 40 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазаригаар ялсан ч финалд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузд даралтаар дийлдэв. Түүний хувьд хоёр сарын өмнө өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Харин 48 кг-д “Женко” клубийн тамирчин Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг цэвэр ялсан ч Энэтхэгт цэвэр ялагджээ. Улмаар дагах барилдаанд Йорданыг цэвэр, хүрлийн төлөө Узбекистаны Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.
Тэгвэл чөлөөт бөхийн хөвгүүдийн 80 кг-ын жинд зодоглосонм Б.Буянтогтох Йорданы бөхийг 11:1, Палестиныг 10:0-ээр дутуу гаргаж, дараа нь Тажикстаны бөхийг 5:4-өөр ялж финалдлаа. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны бөх Руфатов Бунеодод ялагдан мөнгө дээр буув.
Үүнээс гадна жюү жицүчид хоёр хүрэл медальтай боллоо. Охидын52 кг-д барилдсан Б.Мөнхжин Сири, Тайландыг ялж, Казахстанд ялагджээ. Ингээд хүрлийн төлөөх барилдаанд Филиппиний бөхийг 3:0-ээр буулган авснаар шагналын тавцанд зогсов. Тэгвэл 62 кг-ын жинд барилдсан Б.Алтан-Эрдэнэ эхлээд хийлж, дараа нь Вьетнамыг ялсан ч Казахстанд дийлдэв. Улмаар торгуулийн тойрогт Йорданы тамирчныг нэмэлт цагт буулган авсан бол хүрлийн төлөөх барилдаанд Тажикстаны бөхийг идэвхийн оноогоор ялснаар шагналын тавцанд гарлаа.
Зургаан өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 29 дүгээр жагсаж байна.



