fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

ЭМЯ-ны харьяаны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбооны сэтгүүлчдэд үйл ажиллагааныхаа талаар өнгөрсөн лхагва гарагт /2025.11.05/ мэдээлэл өгсөн юм. 

Тус төв дэргэдээ Гадаад эмчилгээг зохицуулах албыг байгуулжээ. Байгуулагдаад долоон сар болж буй тус алба нь Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж буй иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах, гадаад эмчилгээний талаар иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гадны эмнэлгүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр чанартай тусламж үйлчилгээ авах иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах юм байна.

Улсын хэмжээнд 2024 оноос 2025 оны эхний арван сарын байдлаар гадаад улс руу зайлшгүй шаардлагаар болон өөрийн хүсэлтээр 13008 иргэн эмчилгээнд явсан гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ. Манай иргэдийн дийлэнх нь БНСУ, БНХАУ, БНТУ-ыг зорьж байна.

Монголд эмчлэх боломжгүй найман мэргэжлийн чиглэлийн /зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, уушги судлал, эх барих эмэгтэйчүүд, үргүйдэл гэх мэт/ 25 өвчний жагсаалтыг хамгийн сүүлд 2024 оны 6-р сарын 7-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан нь өнөөдөр мөрдөгдөж байна.

Тухайн өвчний чиглэлээр хүний нөөц нь бэлтгэгдээгүй, тоног төхөөрөмжгүй болМонголд эмчлэгдэх боломжгүй гэж үзэж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 25 өвчний жагсаалтыг 2024 онд шинэчлэн баталжээ.
 
Монголд эмчлэх боломжгүй 25 өвчний жагсаалт болон ямар тохиолдолд энэ бодлогод хамрагдах тухай журамтай танилцах бол ЭНД дарна уу.

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ЭМЧИЛГЭЭНД ЯВАХ БОЛ “МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АВНА



Монголд эмчлэх боломжгүй буюу зайлшгүй шаардлагаар гадаад руу эмчилгээнд явах иргэд Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвд /ЭМХТ/ хүсэлт гаргана. 

Хүсэлт гаргахын өмнө “Монголд эмчлэх боломжгүй” гэдгийг нотолсон дүгнэлтийг эрх бүхий эмнэлгээс авах шаардлагатай. Уг дүгнэлтийг УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ дэх тухайн эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн комисс ажиллаж, холбогдох нарийн мэргэжлийн шинжилгээнд үндэслэн гаргах юм.

Ийм дүгнэлтийг авсан иргэний хүсэлтийн дагуу ЭМХТ-ийн дэргэдэх Гадаад эмчилгээг зохицуулах алба явахыг хүсэж буй улс болон сонгосон эмнэлгийнх нь тусламж үйлчилгээний чиглэлээр бодитой мэдээлэл өгч, нэгдсэн зохион байгуулалтаар хангахын дээр эргээд үр дүнг тайлагнах үүрэг хүлээн ажиллах аж.

Тус алба нь Монгол Улсаа төлөөлөн гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлжээ. Одоогийн байдлаар гадаад эмчилгээг зохицуулах чиглэлээр БНХАУ, БНСУ, Турк, Энэтхэг улсын төрийн ижил түвшний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэх мэдээллийг Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга Ш.Алтанцэцэг өгөв.

Тус алба нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй ба тухайн улсын ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ажилладаг.  Тухайлбал, БНСУ-ын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнтэй гэрээ байгуулжээ. Энэ хүрээлэнд нь Солонгосын төрийн болон хувийн хэвшлийн 3000 гаруй эрүүл мэндийн байгууллага харьяалагддаг учир тэр эмнэлгүүдтэй хамтарч ажиллах боломж бүрдэж буй аж.

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН ИРГЭД ИРСНИЙ ДАРАА...

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэд сүүлийн эмчилгээг хийлгэснээс хойш гурван сарын дотор материалаа бүрдүүлэн ЭМЯ-д хандаж, зарцуулсан нийт төлбөрийнхөө тодорхой хувийг буцаан авна. Өмнө нь  эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг нотлох баримтад тулгуурлан буцаан олгож байсан бол иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2024 оны 78-р тогтоолоор шинэчлэн баталж: 

  • 18-аас дээш насны буюу насанд хүрэгчид нийт зардлын 20 хувь
  • Хүүхдэд нийт зардлын 50 хувийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчдад зориулсан тусгай зохицуулалт мөн байдаг аж.

Иргэдийн тодорхой хувь нь Монголд эмчилж буй өвчний оношоор өөрөө сонголтоо хийж гадаад руу эмчилгээнд явдаг. Энэ тохиолдолд буцаан олголт авахгүй. Зөвхөн “Монголд эмчлэх боломжгүй” гэсэн дүгнэлт авсан иргэн, хүүхдэд энэ зохицуулалт үйлчилнэ.

Буцаан олголт авахын тулд бүрдүүлэх материал:

Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчилгээнд яваад ирсэн иргэний хүсэлтэд үндэслэн ЭМЯ дахь Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөл материалыг хянаж үзээд, буцаан олголтыг шийдвэрлэнэ. Энэ зөвлөлийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүнд нь дээр дурдсан эрх бүхий зургаан эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлууд багтдаг.

Иргэд:

Сүүлийн эмчилгээ авснаас хойш гурван сарын дотор материалаа бүрдүүлэн албан ёсоор хандана. Үүнд:

  • Иргэний өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл
  • Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон комиссын дүгнэлт эх хувиар
  • Гадаадад эмчилгээнд хамрагдсан эмнэлгийн дүгнэлт, төлбөр төлсөн баримт нь эх хувиар /Англиас бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар монгол хэлнээ хөрвүүлэх/
  • Насанд хүрэгч нь сүүлийн 5-аас доошгүй жил ЭМД-аа тасралтгүй төлснийг нотлох баримт
  • Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэд ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах, үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт авна.

“Монголд эмчлэх боломжгүй” гэсэн эрх бүхий эмнэлгийн дүгнэлт авах хүртлээ тухайн иргэн багагүй хугацаанд дотоодын эмнэлгүүдээр явсан байж таарна. Тиймээс тус албаныхан ийм дүгнэлттэй иргэний материалыг хүлээн авсан даруйд түргэн шуурхай ажиллаж, гадаадын боломжит эмнэлэгтэй холбох зохицуулалтыг хийдэг байна. Иргэний материалыг гадаадын эмнэлэг рүү илгээж, цаанаас нэмэлт материал шаардвал бүрдлийг хангахад дэмжлэг үзүүлж, чиглүүлж өгнө.

“Монголд эмчлүүлэх боломжгүй” гэсэн эрх бүхий эмнэлгийн дүгнэлтийг тухайн иргэн гадаад руу эмчилгээнд явахын өмнө авсан байх шаардлагатай. 



Жишээлбэл, Монголд эмчлэх боломжтой хавдрын эцсийн шатанд орсон хойно нь гадаад руу эмчилгээнд явж ирээд буцаан олголт авна гэх тохиолдол бий. Эсвэл "Монголд эмчлэх боломжгүй" оношоор боловч эмчилгээнд явж ирснийхээ дараа эрх бүхий эмнэлгийн комиссын дүгнэлт гаргуулсан байдаг. Ийм тохиолдолд санхүүгийн дэмжлэг болох буцаан олголтыг шийдвэрлэх боломжгүй.

Энэ мэтээр материалын бүрдлийн шаардлага хангаагүй бол буцаан олголт авах боломжгүй болдгоос иргэд хэл ам хийдэг. Бид журмаа л мөрдөнө. Тиймээс иргэд гадаад руу явахын өмнө материалаа бүрдүүлэхийг Гадаад эмчилгээг зохицуулах албаны дарга Ш.Алтанцэцэг давтан сануулж байв. 

Энэ талаар тус албаны 70128804, 70004525 утсаар холбогдон тодруулж болно. 

2011-2025 ОНД ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН ИРГЭД 9.6 ТЭРБУМЫН БУЦААН ОЛГОЛТ АВЧЭЭ

2011-2025 онд зайлшгүй шаардлагаар гадаад руу эмчилгээнд явж ирээд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 9.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна. 2024-2025 онд 2.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Энэ тоо өссөн нь 2024 оноос буцаан олгох хувь хэмжээ 20, 50 болж  өссөнтэй холбоотой.
Сүүлийн гурван жилийн дүнг харуулбал:  

  • 2023 онд- 117 иргэн
  • 2024 онд- 79 иргэн
  • 2025 оны эхний 8 сарын байдлаар -36 иргэнд зайлшгүй өвчний жагсаалтаар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Иргэдэд буцаан олгож буй төсөв нь Эрүүл мэндийн сайдын багц буюу Дэмжих сангаас гардаг. Дэмжих санг архи, тамхины онцгой албан татварыг нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах хуулийн зохицуулалтын дагуу бүрдүүлдэг.

МОНГОЛД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ  4 ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД БАГААРАА ГАДААДАД СУРЧ БАЙНА 

Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнийг бууруулах чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн дөрвөнбагийг сургахаар гадны өндөр хөгжилтэй орнууд руу илгээжээ. Эмч, сувилагч, техникч зэрэг тухайн эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай  боловсон хүчнийг багаар нь сургаж байна. Мөн хэрэглэх өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэжээ.
 
Үүний үр дүнд Монголд эмчлэх боломжгүй 25 өвчнөөс гурвыг нь эмчилдэг болсон. Одоогоор 100 гаруй иргэнд эмчилгээ хийгээд байна. Тэр хэмжээгээр гадаад руу урсах зардлыг Монголдоо үлдээсэн. Хүний нөөцийг багаар сургаж, бэлдэх бодлогыг цаашид ч үргэлжлүүлнэ гэж ЭМЯ-ны харьяа ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл ярилаа.

Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг хоёр жил тутамд шинэчлэх журамтай бөгөөд 2026 онд уг жагсаалтыг шинэчлэн батлахад жагсаалтаас гурван өвчин хасагдах боломж бүрджээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн