Бид хавдрын эмч нар, судлаачид, даван туулагчид буюу умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй өвчтөнүүд гэх мэт олон хүнтэй ярилцаж, хүний папиллома вирус эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар өвчин үүсгэдэг, тэдгээр нь ямар шинж тэмдэгтэй, хэрхэн эрт илрүүлэх талаарх зөвлөгөөг уншигч, үзэгчдэд хүргэв.
21 текст контент (мэдээ, ярилцлага, нийтлэл), 20 видео контент (рийл, ярилцлага, нэвтрлүүлэг) бэлтгэн gogo.mn, yolo.mn, ikon.mn, zuv.mn, graph.mn сайтуудаар түгээв. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээллийг 180 мянган хүн уншжээ.
Мөн "Зууны мэдээ" сонин, Боловсрол суваг, Монгол HD, МҮОНРТ-ээр нэвтрүүлгээ цацав. Цахим орчинд түгээсэн 20 видео контентыг 2025.11.17-ны өдрийн байдлаар нийт 5 305 833 удаа үзжээ.
Аяны үр дүн
2025.04.28-ны өдрийн байдлаар 33955 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан гэж ХПВ-ийн халдвар болон сэргийлэх талаарх мэдээлэлд бичжээ. 2025.11.17-ний өдрийн байдлаар манай улсад 109 мянган хүүхэд вакцинд хамрагдаж, хагас жилийн хугацаанд 75 мянган хүүхэд вакцинаа хийлгэсэн байна.
ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаа хийлгэснээр хүүхдүүд ирээдүйд тулгарч болзошгүй зургаан төрлийн хорт хавдраас хамгаалагдана. 10-14 насны хүүхдүүд өнөөдөр вакцинаа хийлгэх нь ирээдүйд үүсэж болзошгүй олон эрсдэлээс хамгаална.


Зөвлөмж
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины талаар цуврал контентууд нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм. Economist Impact-аас гаргасан 40 орны эрүүл мэндийн хүртээмжийн индекс эрүүл мэндийн боловсрол, хүртээмж нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн баялагтай шууд холбоотойг харуулсан.
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүртээмж дутмаг байх нь эдийн засагт зардал, алдагдал үүсгэдэг. Иймд улс орнууд иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарах ёстойг эрүүл мэндийн төдийгүй эдийн засгийн салбарынхан ч анхааруулдаг.
Health drives wealth: The economic impact of health inclusivity судалгаанд эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүс их үйлчилгээ авдаг тул тэдний эрүүл мэндийн үйлчилгээний жилийн зардал нь эрүүл мэндийн өндөр боловсролтой хүмүүсийнхээс гурав дахин их байна гэжээ.
Мөн дэлхийн 40 орны эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүсийн эзлэх хувийг 25 хувиар бууруулж чадвал, жил бүр эрүүл мэндийн зардлаас 303 тэрбум ам.доллар хэмнэнэ. Энэ нь 40 орны эдийн засгийг 0.4 хувиар тэлэх боломжтойг онцолжээ.
Дэлхий нийт 2030 онд умайн хүзүүний хорт хавдаргүй (УХХХ) болж, энэ өвчнийг устгахаар зорьж байна. Гэтэл манай улсад УХХХ-ын өвчлөл дэлхийн дунджаас 3 дахин, нас баралт 1.3 дахин их байна. Энэ нь бид цаашид ч УХХХ-ын эсрэг вакцины талаарх үнэн зөв мэдээллийг өргөн хүрээнд түгээх шаардлагатайг илтгэнэ.
Бодлого боловсруулагчид иргэдийг эрүүл мэнд, сайн сайхан байдлынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад бэлтгэх зорилгоор хүртээмжтэй эрүүл мэндийн боловсролыг эн тэргүүнд тавих ёстой. ЭМЯ энэ чиглэлд цаашид ч манлайлж, олон улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар иргэдэд мэдээлэл түгээсээр байх шаардлагатай.
Аяны хүрээнд бэлтгэсэн мэдээг эндээс унших боломжтой.