Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна.
Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлж, их, дээд сургуулийн багш, оюутан солилцоо, соёл, урлагийн чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт зэргийг 2025-2028 онд хамтран зохион байгуулна.

Аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
Чухал ашигт малтмалын харилцан ашигтай, тогтвортой, найдвартай худалдаа, ил тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.
Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллана.

Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн гол аялал жуулчлалын цэгүүдийн нэг болох Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, талууд соёл, урлаг, мал аж ахуй, аялал жуулчлал болон боловсролын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлнэ.

Италийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ловере хоттой Монгол Улсын Архангай аймаг хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг харилцан сурталчлан таниулж, бусад сонирхсон салбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Радио, телевизийн хөтөлбөр, баримтат кино солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хоорондын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ.