Манай улс 2025 онд түүхэндээ хамгийн олон буюу 820 гаруй мянган жуулчин хүлээн авсны зэрэгцээ, Монголыг олон улсад маш амжилттай сурталчилсан нэгэн оныг үдэж байна. Үүнд спортын салбарынхны гүйцэтгэсэн үүрэг онцгой их байв.
Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулсан Нэтфликсийн “Physical: Asia” шоу нэвтрүүлэг дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулж байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээж буй тул цаашид дээрх төслийн багийнхан Монголын багийн тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
Тус шоуны оролцогч Б.Энх-Оргил Монголын холимог тулааны сүүлийн 11 жилийн түүхэнд Азийн “One championship” холбооны анхны аваргаар тодорсон юм.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монгол Улс анх удаа зохион байгуулж, манай эмэгтэйчүүдийн баг чадварлаг, чансаатай, гал цогтой тоглолтуудыг өөрийн талбайд үзүүлж мөнгөн медаль хүртлээ. Үүнээс гадна цахим спортын ертөнцөд “MongolZ” багийнхан дэлхийн чансааг анх удаа тэргүүлээд зогсохгүй Саудын Арабын Эр-Рияд хотод болсон дэлхийн цомын тэмцээнд анх удаа түрүүлэв.