fitness
  • 79 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” (RePaRe) төсөл нь угсармал орон сууцуудыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Тус төсөл нь айл өрх бүрд боломжийн төлбөрийн нөхцөл бүхий эргэн төлөлтийн загварыг санал болгож байгаагаараа онцлог юм. Улаанбаатар хотын угсармал орон сууцны оршин суугчдын хувьд энэхүү төсөл нь байраа орчин үеийн стандартын түвшинд шинэчлэхийн зэрэгцээ Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтод хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж байна.

Хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан нөхцөлийн дагуу оршин суугчид нийт зардлын тодорхой хувийг 10 жилийн хугацаанд ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр тогтмол дүнгээр төлөх боломжтой. Оршин суугчдын төлсөн төлбөр нь барилгын эрчим хүчний үр ашгийг дэмжих санд төвлөрч, цаашид Улаанбаатар хотын бусад угсармал орон сууцуудыг үе шаттайгаар шинэчлэх санхүүгийн эх үүсвэр болох юм.

Улаанбаатар хотын орон сууцны барилгын 30 орчим хувийг угсармал орон сууцны барилгууд эзэлдэг бөгөөд ихэнх нь социализмын үед баригдсан, дулаан тусгаарлалт муутай байдаг. Өнөөдөр эдгээр барилгуудын ханa, дээврийн дулаалга хангалтгүйгээс их хэмжээний дулаан алдагдаж, өвлийн улиралд дотоод температурыг тогтворгүй байна. Үүний улмаас оршин суугчид мөөгөнцөр, чийгшил зэрэг дотоод агаарын чанарын асуудалд өртөж, амьсгалын замын өвчин, архаг ядаргаа зэрэг эрүүл мэндийн эрсдэлд ч ордог.

Төсөл нь Их Британи, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага (Mitigation Action Facility),  Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яам болон Улаанбаатар хотын Захиргаа төслийг санхүүжүүлж байна. Эдгээр төслийн түншүүд нь Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (NDC)-ийн зорилтот хүрэхэд хувь нэмрээ оруулж хамтран ажиллаж байна. Төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг  болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2027 он гэхэд 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Дулаан-техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд

Сонгогдсон барилгууд нь бүгд 1990 оноос өмнө баригдсан 5, 9, 12 давхар угсармал орон сууцууд байна. Дулаан-техникийн шинэчлэлийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

  • Гадна ханын дулаалга: Эрдэс хөвөнгөөр дулаалж металл фасад  суурилуулна.
  • Дээврийн дулаалга: Дээврийн хөндийг дулаалж, ус тусгаарлах материалыг шинэчилнэ.
  • Дулааны тохируулгын систем ба тоолуур: гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах холигч систем, мөн бодит хэрэглээг хэмжих дулааны тоолуур суурилуулна.

Эдгээр дулаан-техникийн шинэчлэлийн ажлын үр дүнд барилгын дулаан алдагдлыг ойролцоогоор 40%-иар бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ оршин суугчид өвлийн улиралд илүү дулаахан, тохитой орчинд амьдрах, дотоод агаарын чанар сайжрах, мөөгөнцөр, чийгшлийн асуудал буурах зэрэг бодит үр өгөөжийг хүртэнэ. Мөн барилгын ашиглалтын хугацаа ойролцоогоор 30 жилээр уртасна.

Айл өрх бүрд боломжийн төлбөрийн нөхцөл

Оршин суугчид нийт зардлын тодорхой хувийг 10 жилийн хугацаанд тогтмол сарын төлбөрөөр, урьдчилгаа төлбөргүйгээр төлнө. Сард төлөх дүн нь энэхүү 10 жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй.

2026 онд хийж буй дулаалгын ажлын 25%-ийг эргүүлэн төлөх хөнгөлөлттэй нөхцөлийг Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бөгөөд зөвхөн энэ хугацаанд хийж буй дулаан-техникийн шинэчлэлийн ажилд хамаарна. Оршин суугчдын төлбөр барилгын эрчим хүчний үр ашгийг дэмжих санд төвлөрч, цаашдын шинэчлэлийн ажлыг санхүүжүүлэх эргэлтийн сан болох юм.

Төсөлд хэрхэн хамрагдах вэ?

Төсөлд хамрагдахын тулд дараах 3 нөхцөлийг хангасан байна:

  1. Угсармал орон сууц байх (5, 9, 12 давхар, 1990 оноос өмнө баригдсан)
  2. Газар хөдлөлтийн үнэлгээтэй байх (7 магнитуд хүртэл тэсвэртэйг баталгаажуулсан)
  3. Оршин суугчдын 100% зөвшөөрөл (СӨХ-өөр дамжуулан гэрээнд гарын үсэг зурсан байх)

2026–2027 онд 200 орчим барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 130 гаруй хүсэлт ирсэн байна. Иймд та бүхнийг аль болох эрт бүртгүүлэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон гарын үсэг зурах маягт татахын тулд www.dulaanbair.mn сайтад зочлох эсвэл 77110515 дугаарт холбогдоно уу.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн