Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр”-аар нэгэн шинэлэг үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, энэ жилийн онцлог нь баярыг зөвхөн төв талбайд бус, нийслэлийн хамгийн олон сурагчтай нийт 88 сургуульд “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөний хүрээнд зэрэг нээсэн явдал байв.
Тодруулбал, “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын хөрөнгө оруулалт, “Богд” банкны ерөнхий ивээн тэтгэлгээр 88 сургуульд уншлагын танхим байгуулж, өнөөдөр /2026.05.15/ бяцхан уншигчдаа хүлээн авлаа. Үүний нэг нь нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр бага, дунд, ахлах ангийн сурагчдын төлөөлөл ном уншлагын танхимтай болж буйд талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу комик номын ертөнцөд орсон мэт мэдрэмж төрж буйгаа хуваалцаж байсан юм. Мөн сургуулийн удирдлагуудын зүгээс үндэсний хэмжээнд номын уншлагын хөдөлгөөн өрнүүлж буй “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ болон дэмжин ажиллаж буй “Богд” банкны хамт олонд талархаж буйгаа хэлж байв.
Тус уншлагын танхимыг байгуулснаар 250 мянган хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог бөгөөд
- Хамгийн багадаа 50м2 хэмжээтэй хүүхдийн ном уншиж, ойлгож, илэрхийлэн хэрэгжүүлэх хүүхдэд сонирхолтой орчин,
- Ном хэрэглэгдэхүүн,
- Хүүхдийн урамшуулал шагнал бүхий цогц бүтээн байгуулалт хийжээ.
Ийнхүү зөвхөн унших орчин тохижуулаад зогсохгүй унших чадварын багшийн сургалтыг мөн өгч байгаа аж. Эхний ээлжийн 88 сургуульд нэг сургуульд дунджаар 56 орчим сая төгрөг буюу нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ойрын хугацаанд уг санаачилгыг 12 сургуульд нэмж хэрэгжүүлэн, 5800 багшийг унших чадварыг сайжруулах аргазүйн сургалтанд хамруулахаар төлөвлөөд байгаа гэв.
“Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнийг цаашид 720 сургуульд хэрэгжүүлнэ
Дашрамд дурдахад, Монгол Улсын хувьд 2023 онд танилцуулсан хамгийн сүүлийн PISA үнэлгээний үр дүнгээр 10 хүүхэд тутмын 6 нь унших чадварын суурь түвшинд хүрээгүй гэсэн үзүүлэлт гарсан байдаг. Иймд унших чадвар нь зөвхөн хэл, уран зохиолын хичээлээр хязгаарлагдахгүй, хүүхдийн бусад бүх төрлийн мэдлэг эзэмших, ойлгох, бодох, өөрийгөө илэрхийлэх суурь чадвар болдог байна.
Иймээс “Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатай “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Одоогоор нийслэлийн 88 сургуульд эхлүүлсэн энэхүү үйл хэргийг цаашид 720 сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн хөдөлгөөний хүрээнд “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөний нэрэмжит уралдаан зарлаж, ахлах ангийн сурагчид болон сургуулийн орчинд хүүхдүүдийг дэмждэг багш, захирал, сургалтын менежер, номын санч, сэтгэл зүйч зэрэг томчуудын оролцоотойгоор унших соёлыг үндэсний хэмжээнд сургуулиас сургуульд түгээх зорилт тавьж байна. Ингэснээр 88 сургуулийн туршлага, оролцоо, санаачилгыг 720 сургуульд түгээх үндэс суурийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.


-124220-730337572.jpeg)
-124225-836512671.jpeg)
-124230-156784295.jpeg)
-124235-1405684400.jpeg)
-124239-1729475768.jpeg)
-124254-2144808443.jpeg)
-124300-1249818766.jpeg)
-124307-194162131.jpeg)
-124314-1090870468.jpeg)
-124320-129386016.jpeg)