Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн юм.
Төхөөрөмжийн тухай
Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2 сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой.
Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор 7 сарын хугацаанд ашиглаад байна. Хоёр улирал дамнан хэрэгжсэн энэхүү ажлын түүврийн судалгаанд 300 өрхөөс түүврийн аргаар монгол гэрийн бүрэн дулаалгатай 150 өрх 2026 оны 4-р сард хамрагджээ.
Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь гэрийн доторх агаарын чанар сайжирсан, 89.7 хувь нь утаа, тортог, үнэр багассан, 93.1 хувь нь өдөр тутам гал түлэх, үнс гаргах, нүүрс зөөхөд зарцуулдаг цагийг бууруулсан гэж хариулсан байна. Энэ нь дулааны насос нь зөвхөн халаалтын төхөөрөмж бус, харин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ахуйн хөдөлмөрийг бууруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг багасгах шийдэл болж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны тав тух, дотор орчны агаарын чанар, өдөр тутмын хөдөлмөр болон өрхийн зардалд эерэг нөлөө үзүүлжээ.





